Философийг Монголд хөгжүүлэх шаардлагатай 

Oct 03, 2023


Хэрэв философийг Монголд амжилттай хөгжүүлж чадвал дэлхийн университетийн соѐл Монголд ирэх боломжтой. Монголчуудын хувьд университетийн тухай ойлголт ердөө л XX зууны дундуур анх орж ирсэн. Гэтэл дэлхийн анхын университетүүд одоогоос 800-гаад жилийн өмнө байгуулагджээ. 

Монголын охид хөвгүүд Зөвлөлт Улсын болон Зүүн Европын университетүүдэд суралцаж, анхны мэргэжлийн дипломтой Улаанбаатарт ирж байсан цаг саяхан. Тиймээс университет бүрэн хөгжих цаг хугацаа бага байсан ба бүрэлдэн тогтоох дорвитой ажил хийгдсэнгүй.

Үүний нэг шалтгаан бол философийн мэдлэгийг Монголын их сургуульд нэвтрүүлж чадаагүй явдал. Тиймээс Монгол Улсын Их Сургуулийг хөгжүүлэх гэвэл дэлхийн мэдлэгийг философиор дамжуулан үнэнээр оруулж ирэх хэрэгтэй. 

"Философичид яг л сайэнтистууд шиг асуултаа тавьцгааж, мөн түүндээ хариулах гэж оролддог" Лудвиг Виттгэнштэйн 

 

Философийн тухай анхны ойлголт 

Философи гэсэн мэдлэгийн тухай мэргэжлийн салбар социализмийн эрин үед Марксизм, Ленинизм гэсэн нэрээр зарлагдсанаар жинхэнэ философитой танилцсангүй.

Философи нэрийн дор Лениний зохиолууд ноѐлсон. Хэдийгээр Ленин Европын орнуудаар явж философийн олон ном уншиж бүтээлээ туурвисан хэдий ч ганцхан түүний номуудыг философи гэвэл гэнэн хэрэг.  Германы болон дэлхийн алдарт философич Марксын номыг орос хэлнээс  тойруу замаар орчуулсан.

Хэдийгээр герман хэл сурсан зарим хүмүүс орчуулах гэж оролдсон боловч тэд нэгэнт философийн мэргэжлийн хүмүүс биш тул номын амин сүнсийг мэдрээгүйгийн жишээ олон бий. Ганцхан жишээ л гэхэд германаар “Das Sein bestimmt den Bewusstsein” гэсэн ойлголтыг “Ахуй анхдагч, ухамсар хоѐрдогч” гэж дэндүү худлаа орчуулжээ.

Гэтэл энэ нь үнэн хэрэгтээ “Байгаа чинь л ухааныг чинь тодорхойлно” гэсэн философийн ойлголт.  Энэ ойлголт дотор “байх” ба “ухаан” гэсэн философийн хоѐр суурь ухагдахууныг Маркс зориуд хэрэглэсний шалтгаан бол ахуйдаа биш, харин хэрхэн байж чадах чинь гэдгийг чухалчилсан. Ухамсарыг биш ухааныг тодорхойлсон явдал хүний ухаантай байх, эсвэл ухаангүй байхдаа үйлддэг асуудлуудыг хүртэл анхааруулжээ. Худлаа орчуулгын гайгаар “далд ухамсар” гэсэн дэндүү болхи ойлголт газар авсаар. Философи анхнаасаа л Монголын хөрсөн дээр бууж чадсангүй.  

Философи Монголд орж ирж чадаагүйгийн нэг том шалтгаан бол “Монгол хэлний толь бичиг”. Философийн “бодол” ба “сэтгэл” гэсэн хоѐр чухал ухагдахууныг хольж солин “Монгол хэлний товч тайлбар толь” номонд Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн болон Я.Цэвэл мэтийн нөхдүүд хэт мэдэмхийрэн бичжээ.

Хэрвээ бодлыг сэтгэлтэй хольсон тохиолдолд нэг бол ямар ч мэдрэмжгүй хүмүүс хорвоогоор дүүрч хэн хэнийгээ ч хүндлэхгүй зэрлэгүүд болцгооно. Эсвэл уур хилэн, баяр хөөрөө барьж чадахгүй сэтгэлийн хөдөлгөөнийхөө боол болчихсон хүмүүс улс төрөөр дүүрнэ. Ингэж боддоггүй хүмүүсийн арми гарч ирнэ. Бодохгүй гэдэг ямар их аюултай вэ, энэ тухай монгол хэлний хүмүүс толь бичигтээ залруулан бичих цаг нэгэнт болжээ.  Сэтгэлийн талаар ч гэсэн буруу үгс дүүрэн. Логик сэтгэлгээ гэсэн худлаа ойлголт, сэтгэх гэсэн үгийг бодолтой хольдог, дэндүү худлаа ойлголт зөвхөн арван жилийн сургуульд биш бас нийгэмд гайгаа тарьсаар. Монголчуудын хэл яриа төлөвшөөгүй цагт харилцан яриа хэзээ ч амжилттай болох нөхцөлгүй.

Ярилцлага амжилтгүй бол бидний хийсэн үйлдлүүд зөвхөн азаа үзсэн хэрэг болж дэгдэнэ. Одоо тэгээд тэр өдрийн тэнгэр л мэдэж дээ. Философийн талаархи өнөөдрийн ойлголт Өнөөдөр амьдралын тухай эсвэл бурхны тухай ганц хоѐрхон үг хэлээд л түүнийгээ философи гэх хүмүүс дэндүү олширч, тэр ч бүү хэл дэлхийн философийн мэргэжилтнүүдтэй нүүр тулан ярьж яваагүй хүмүүс философийн тэнхим, эсвэл философийн хүрээлэн байгуулан философийн мэргэжлийн салбарыг гутаасан хэвээр. Зөвхөн өөрийнхөө хагас дутуу номноос юу ч ойлгоогүйгээ залуу үед тулган цээжлүүлж, түүнийгээ шалгалт нэрийдлээр буцааж яриулан дүн тавьдаг философич нэртэй арчаагүй хүмүүс нүгэл хийсээр л.

Тэд залуу үеийн амыг хааж айлган сүрдүүлж, оюутны эрхийг доромжилж, наад захын хүний эрх болох хувийн бодлоо хэлэх эрх, чөлөөг хүртэл боогдуулсаар. Үүнийг зогсоож шинээр эхлэх цаг нэгэнт болжээ.  Философийн хоббитой эсвэл сонирхолтой байх нэг хэрэг.

Гэтэл түүнийг мэргэжлийн төвшинд суралцах нөгөө хэрэг. Философи заана гэсэн нэрийдлээр шашин, зурхай, эсвэл хувийн буруу ойлголтоо оюутан залуучуудад дамжуулж, “арга билэг” гэсэн хувийн бүдүүлэг төсөөллөө лекц нэрээр үг эвлүүлэн худлаа зүйл ярьсаар л. Тэд хэзээ ч ямар номноос орчуулснаа хэлэхгүй, бас ямар хэл дээр хэрхэн орчуулснаа ч ил гаргахаас ичицгээнэ.

Оюутнуудад гадаад хэл дээрх номын бүлгийг тараан орчуулуулж, түүнийгээ лекц болгон заадаг уламжлал хэвээр.  Өнөөдрийн Монголд нэн тэргүүнд философи хэрэгтэй.  Философийг Монголд оруулж чадсанаар хүмүүс домгийн болон шашны ертөнцүүдээс тусгаарлагдах түүхэн боломж гарна. Домог бол эрт үеийн хүмүүс хоорондоо мэдлэгээ дамжуулан үлдээх арга. Шашны хувьд хүмүүс натурын өмнө хэрхэн өчүүхэн гэдгээ хүлээж, түүнийг биширч, эвийг олохыг хичээж “бурхан” гэж ханджээ.

Гэтэл энэ хоѐр мэдлэгийн замууд хэдэн зуун жилээр хоцрогдсон. Түүний оронд философи болон сайэнс хоѐр хүн төрөлхтөнд мэдлэгийг зааж эхлээд олон зуун жил боллоо шүү дээ.  Домог болон шашны ертөнцөөс салан тусгаарлахын тулд Монгол орны хувьд хоѐр зүйлийг урьдчилан хийх зайлшгүй шаардлагатай. Үүнд: нэгдүгээр шаардлага монгол хэл шинэ “Цагаан толгойн үсэг”-тэй болох, хоѐрдугаар шаардлага монгол хэлний шинэ “үгийн толь бичиг”-тэй болох. Энэ хоѐр шаардлагын дагуу хийж чадвал дэлхийн мэдлэг Монголд ирэх зам шулуудна. Философи жинхэнээр, бас үнэнээр Монголд ирэх боломж улам л ихэснэ.

Үнэн зүйл үнэнээрээ, бас мэдлэг мэдлэгээрээ байх тэр л зарчмаар философийг Монгол оронд оруулж ирэх цаг одоо л нээгдлээ. Оройтсон ч гэсэн огт оргүйгээс хамаагүй дээр шүү дээ. 

Molorerdene






ярилцлага, нийтлэлүүд

© Molor-Erdene 2025