Капитализм Ардчиллыг баллаад байна
Oct 03, 2023
ХАДАГААР МОД ХҮЛДЭГ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ, БИД. ТАНК ХҮЛДЭГ ГЭДЭГ ШИГ
Өнгөрсөн ням гарагт та энэ жилийн цуврал 25 лекцээ дуусгалаа. Дөрвөн жилийн хугацаанд жил бүр 25 лекц цувралаар уншсан байна. Энэ 100 лекцээс ямар үр дүн гарсан бэ. Ер нь яагаад цуврал лекц унших болов?
Ямар үр дүн гарсныг лекцэнд суусан хүмүүсээс л асуух шаардлагатай байх. Би бол философич хүнийхээ ажлыг л хийгээд явж байна. Философич хүний ажил нийгмээ соён гэгээрүүлэх, тухайн цаг үеэ тодорхойлоход чиглэдэг. Өөрөөр хэлбэл монголчууд бид ямар нийгэмд амьдраад байна вэ гэдгийг тодорхойлж гаргаж ирээд, номондоо бичиж, ёс суртахуун, гоо зүйн талаас нь, бодлын талаас нь үнэлэлт дүгнэлт өгдөг хүнийг философич гэнэ. Тэгэхээр миний 100 лекц бол цаг үеэ тодорхойлоход чиглэгдсэн ажил байлаа.
Эхний жилийн 25 лекц нийгэм, соёлын асуудлаар эхэлсэн. Дараа жил нь ухагдахуун дээр нэлээд ажилласан лекцүүд уншсан. Энэ нь бидний буруу ярьдаг, ойлгодог ухагдахуунуудыг зөвөөр тайлбарлахад чиглэсэн. Монголд өнөөдөр буруу тайлбар, буруу орчуулга хавтгайрчээ. Гэтэл заавал ном уншиж байж ойлгох тийм ухагдахуунууд байна. Харамсалтай нь монголчууд өнөөдөр “Ном уншиж яадаг юм бэ” гэж нэг хэсэг нь ярих жишээтэй. Нөгөө хэсэг нь “Номд мөргөмү” гэж балайрна. Ийм сонин утгагүй юмнуудын тухай ярьсан. Гурав дахь жилд нь 25 философичийг танилцууллаа. Франц, Англи, Герман, Америкийн филсофичид хэн нь хэн бэ, бид хэрхэн танилцах вэ. Тус бүр дээр нь тухайлсан номууд ярьсан. Ноднин жил тэгэхээр дандаа ном ярьсан байх нь. Харин энэ жилийн 25 лекцийн хувьд цаг үеийн тулгамдсан асуудлуудыг ярьсан. Жишээлбэл, Хэвлэл мэдээлэл гэдгийг өнөөдөр хэрхэн ойлгох вэ. Fake news буюу худлаа мэдээлэл гэдэг зүйл аймшигтай их байна. Интернет, фэйсбүүкээр дүүрэн худлаа мэдээлэл урсаж байна. CNN хүртэл худлаа мэдээлэл цацаж, тэрийг нь Снөүдэн, Ассанж нарын хүмүүс илчилж өглөө шүү дээ. Тэгэхээр хэвлэл мэдээлэл гэдэг их осолтой болчихсон байгаа биз. Иракийн дайныг аваад үзэхэд барууны хэвлэлүүд зөвхөн АНУ-ыг зөв, сайхан зүйл хийж байна харуулдаг. Гэтэл хоёр сая ирак хүн алуулчихсан байна. Үүнийг хэвлэл мэдээлэл яагаад харуулахгүй байна вэ. Олон улсын гээд байгаа хэвлэлүүд ийм өрөөсгөл мэдээлэл түгээж байна шүү дээ.
Монголын хэвлэл мэдээллийг биш гадны хэвлэлүүдийг шүүмжилсэн юм аа даа?
Монголын хэвлэлийг ч шүүмжилсэн. Болсон болоогүй гадаад мэдээг ойлгосон ойлгоогүй орчуулж гаргаад л байдаг. Зарим нь бүр буруу орчуулж байгаа шүү дээ. Гурав, дөрвөн жилийн өмнө АНУ-ын Элчин сайд нэг авгай “Өдрийн сонин” дээр “Монголын ард түмэн Украины ард түмэнтэй нэгдэцгээ” гэж ярьсан. Би шууд эсэргүүцэж юм бичиж байлаа. Юу гэсэн үг юм бэ, энэ чинь. Тухайн улсын хэрэгт оролцохгүй гэсэн дипломат ёс хайчив. Тэр уриалгыг нь “Өдрийн сонин” хэвлэж л байдаг. Тэгэхээр энэ хэвлэл мэдээлэл их осолтой шүү. Мэдээлэлд нухацтай хандах хэрэгтэй гэдгийг лекцдээ ярьсан.
Юм л бол интернет рүү ордог болсон байна. Хүнээс юм асуухгүй интернетээс хамаг юмаа асуудаг болж.
Дараа нь бас интернет гэдэг зүйлийн талаар ярилаа. Юм л бол интернет рүү ордог болсон байна. Хүнээс юм асуухгүй интернетээс хамаг юмаа асуудаг болж. Хүнтэй өөд өөдөөсөө хараад сайхан инээж суугаад ярихгүй интернет рүү орж хүнтэй ярилцдаг. Ийм сонин амьдрал Монголд ороод ирчихлээ. Тийм болохоор монгол хүн шинэ технологитой яаж харьцах ёстой вэ, технологийг бид юу гэж ойлгох вэ. Интернет гайхамшигтай, 100 хувь ашигтай гэж ойлгоод байж болох уу. Хамгийн сүүлд өчигдөр (ням гарагт) дууссан лекцээр бид Шинэ Төрийн талаар ярилаа. Тэрний өмнөх лекцээр Монголын нийгэм, ардчиллын талаар ярилаа. Ардчилал гээд бид АНУ-ыг хараад байдаг. Гэтэл АНУ ардчилсан орон биш шүү дээ.
Та Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийг “Америкийн төгсгөл” гэж нэрлэсэн. Бас энэ ном (Монголчуудын “Хар хайрцагны” бодлого)-доо та Америкийн зарим эрдэмтдийг, тухайлбал, Милтон Фридманыг шүүмжилсэн байсан?
Фридман гэдэг чинь ёстой нүгэлтэй нөхөр дөө. Чилийн Сальвадор Альендег цааш харуулснаас эхлээд олон дайны ард Милтон Фридман явж байгаа. Гол нь тэр Ноам Чомски гэдэг MIT-ийн философичийн үг. Тэр хүн “America is not a democracy” гэж хэлсэн. Одоо АНУ-д сүүлийн үед социализмыг маш их ярьж байна. Америкийн Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдсөн Берни Сандерс гэдэг нөхөр бас социализм ярьж байна. Ер нь америкчууд ардчиллаасаа татгалзаж, “Ардчиллаа бид хөгжүүлж чадаагүй байна. Социализм хэрэгтэй юм биш үү” гэж ярьж байгаа. Энэ талын олон ном товхимол хэвлэгдэж байна. Марксын номуудыг их уншиж байна. Тэгэхээр энэ бүхний цаана нэг шалтгаан байгаа. Тэр нь юу вэ гэхээр Капитализм нуран уналаа. 2008 оны санхүүгийн хямрал, Леман Бродерс гэдэг дээ. Түүнээс хойш Капитализм нураад уначихсан. Хэдийгээр Ардчилал сайхан ч Капитализм Ардчиллыг баллаад байна гэж америкчууд үзэж байна.
Америк одоо өнгөрсөн, Ардчилал нь ч баларсан.
Тэгэхээр Ардчилал гэдэг чинь Социализмтай тохирно гэж тэд харж байна. Зөвхөн АНУ-д ч биш олон оронд Социализм, Ардчилал хоёрыг ярьж, зүүний намууд гарч ирж байна. Социализм, Ардчиллыг хөгжүүлж байгаа улс орнуудыг хар л даа. Европын орнууд байна, Хятад байна. Германд Социал демократ намууд нь тун сайн бодлого гаргаж тавьдаг. Францын зүүний нам байна, бас л сайн. Харин Америк бол одоо өнгөрсөн, Ардчилал нь ч баларсан. Цаадуул чинь одоо шинэ эрэлд гарахаас аргагүй. Тэр нь сонгуулийн үеэр л харагдаж байсан.Трамп, Хилари хоёрын өрсөлдөөн гэж бараг л бүсэлхийнээс доогуур юм боллоо шүү дээ. Юу болов, өнөөх гайхамшигтай, Ардчиллын үлгэр жишээ орон чинь шившиг боллоо шүү дээ. Тэгэхээр ийм үед Монгол Улс яах ёстой вэ. Өөрийнхөө онцлогоор цааш хөгжих нь гарцаагүй биз дээ. Бид ийм онцлогтой юм байна, үүнийгээ барьж явъя гэж ярилцмаар байгаа юм. Гэхдээ онцлогоо олж харж, түүнийгээ хөгжүүлнэ гээд хөдөө гараад лам, ноён болоод явчихаж болохгүй. Тэгж буцаж ёстой болохгүй.
Ер нь л буцах гээд байгаа юм бишүү. Бүгдээрээ сайхан ноёны хувцас өмсөөд, хүүхдүүдээ бас тэгж хувцаслаад?
Харин тийм. “Морио унаж, эсгий гэртээ амьдаръя” гээд бүгд л буцах гээд байх юм. Тэгээд сайхан лам, ноён болоод 100 жилийн өмнөх рүүгээ явах юм байх. Тэр чинь одоо боломжгүй шүү дээ. Сая Цагаан сараар хаа сайгүй лам нар гарлаа. Зурагтаар бөх үзэж байхад хүртэл лам нар. Бөхөө ч аятайхан барилдуулж чадахгүй, лам нартай зууралдаад.
Монгол сэхээтнүүд хөгшрөхөөрөө хүннү захтай дээл өмсөөд “Нууц товчоо”-гоос өөр ном уншдаггүй, өөр ном ярьдаггүй болчихдог гэж үг гарсан байна билээ.
Яг үнэн, хаха. Тийм болчихоод байна. Энэ Чоймаа, Дулам гээд МУИС-ийн II байранд байдаг хүмүүс чинь бүгдээрээ л тийм. Ёстой хүнд гарууд байгаа юм. Дээл өмсөөд, ажлын өрөөндөө шашны юмнууд баахан өрчихсөн. Юун Их сургууль, өнөөх соёлтой, мэдлэг боловсролын байгууллага. Чи тэр өрөөнүүдийг нь шагайж хараарай. Аягүй бол Далай ламын зураг өлгөөтэй байгаа шүү. Тэр Дулам бол бүүр аюултай. Бөө яриад унана. Хар, цагаан бөө, арга билэг гээд будаа болгоно шүү дээ. Физик, математик, философи, орчин үеийн хөгжил зэргийг бол ярихгүй. Арга билэг л яриад сууна. Арай л маани уншихгүй байх.
Ер нь нийтээрээ лам, бөө ярьдаг болчихож. Зураг зурсан ч, шүлэг бичсэн ч, дуу дуулсан ч бөө. Учир нь ойлгогдохгүй бөөддөг улс болчихлоо. Эндээс гараад харахад л хаа сайгүй хадаг уячихсан байгаа. Гүүр, мод, жижигхэн бутанд хүртэл хадаг хүлчихсэн. Хадагаар мод хүлдэг хүмүүс шүү дээ, бид чинь. Танк хүлдэг гэдэг шиг. Ийм л ард түмэн, ийм зүйлсийн талаар бид лекцээрээ ярилаа.
Энэ бүхнийг ярихгүйгээр философидох боломжгүй юу?
Философи гэдэг бол ямар нэгэн сэдвийг нарийн, чанд, баримттай, нотолгоотой онол дээр тулгуурлаж гаргаж ирэхийг л хэлээд байгаа юм. Хоёулаа сая мухар сүсгийн тухай ярилаа. Тэгвэл мухар сүсэг гэж юу юм, шүтлэг гэж юу юм. Бид яагаад шүтдэг юм. Энэ чинь философийн асуудал шүү дээ. Эндээсээ явсаар байгаад Шашин гэж юу юм. Монголд шашин байна уу. Улс орныг шашин тодорхойлохгүй улс төр тодорхойлно. Харин улстөрчид маань юу хийж байна вэ. Бид ямар нийгэмд амьдарч байна. Монгол Улс гэдэг чинь ерөөсөө Улаанбаатар л юм биш үү. Тэгж ярьвал Улаабаатар хот мөн үү. Тал нь эсгий гэрт байна. Аливаа юмыг талаас илүү хувь эзэлж байгаа зүйлээ нь нэрлэдэг. Тэгэхээр Улаанбаатар чинь эсгий хот юм биш үү. Канадын нэг хотод хятадууд олноороо очиж суурьшсаар байгаад хүн амынх нь 60 гаруй хувийг хятадууд эзэлчихсэн гэнэлээ. Тэгэхээр тэр хотыг хятадуудын хот гэж харна биз дээ.
ӨЧИГДӨР ШОРОНГООС ГАРСАН ХҮН Ч МИНИЙ ЛЕКЦЭНД ИРЖ БОЛНО
Дөрвөн жилд 100 лекцээр яриагүй сэдэв бараг үлдээгүй юм байна даа.
Дээр хэлсэнчлэн би бол философичийн ажлаа л хийсэн. Хаанаас ч санхүүжилт аваагүй. Аль нэг байгууллага, намын дэмжлэг байхгүй. Төсөл хэрэгжүүлж мөнгө төгрөг авсан зүйл ч байхгүй. Энэ бол цэвэр ухамсарт хүмүүс ирж тасалбар аваад лекц сонссон, ийм л зүйл. Дөрвөн жилийн өмнө лекцээ анх эхэлж байхад аль нэг газраас санхүүжилт авч төсөл хэрэгжүүлэхгүй бол бүтэхгүй гэж хүмүүс сануулж байлаа. Таны лекцэнд хүн ирэхгүй дээ гэж хүртэл хэлж байлаа. Гэтэл чи өчигдөр (ням гараг) харсан биз дээ.
Харсан. Дандаа залуу хүмүүс байна лээ.
Залуус их ирж байна. Уг нь би оюутан, ажилтан, тэтгэвэрт гарсан хүмүүс ч бүгдээрээ ирэх ёстой гэж хүсэж байгаа. Бүгд л адилхан юм мэдмээр байна шүү дээ. Тэтгэвэрт гарсан учраас юм мэдэх шаардлагагүй гэж болохгүй. Ямар ч хүн миний лекцэнд ирж болно. Өчигдөр шоронгоос гарсан хүн ч ирж болно. Гол нь лекц тэр дундаа философи гэхээр хэн дуртай нь хийж чадахгүй. Өөрийнхөө санааг хүнд тулгаад лекц уншаад байна гэж байхгүй шүү дээ. Миний лекц гурван хэсгээс бүрддэг. Эхлээд онолоо ярина, номууд ярина. Жишээ ярина. Дараа нь жишээ, онол, номоо уялдуулж ярина.
Та лекц уншихаас өөр ажил хийдэггүй юм уу?
Би чинь Сократ шиг жинхэнэ философич шүү дээ. Ажил байхгүй. Ямар ч клуб, байгууллага удирддаггүй. Энэ 25 лекцийг зарим хүмүүс клуб гээд ойлгочихсон байна лээ. Нээрээ миний лекцэнд олон газраас залуус ирсэн. Тайваньд сургуулиа төгсөнгүүтээ түрүүчийн долоо хоногт наашаа яаран ирсэн залуу байна. Германаас, Өмнөд Солонгосоос амралтаа аваад яарч ирсэн оюутнууд ч байлаа.
2012 оны сонгуулиар та улс төрд орж ирээд явсан. Явсан гэх үү, холдсон гэх үү?
Улс төрөөс холдсон, явсан гэж хэлж болохгүй. Улс төрийн талаар бодож л байгаа. Саяын лекцэн дээр жишээ нь, “Ямар Төрийн онол байх вэ” гэдгийг ярьсан. Монголын Төр бол Ардчилал, Капитализм, Социализм, Коммунизм энэ дөрвийн хослол байх ёстой. Зөвхөн социализм биш, зөвхөн ардчилал биш. Энэ дөрөвт дөрвүүлэнд нь давуу тал бий. Тэгэхээр Монгол ямар улс төрийн бодлоготой байх вэ.
Нийгэм гэдэг чинь өөрөө үүсчихдэг юм биш шүү дээ. Тэрийг чинь байгуулна, удирдана, зална, чиглүүлнэ засна, янзална.
Ерөөсөө ямар бодлого хийх вэ гээд онолчид нь сууж байгаад онолын түвшинд гаргаад ирэх хэрэгтэй. Монгол Улс ингэж явна, ингэж нийгмээ байгуулна. Нийгэм гэдэг чинь өөрөө үүсчихдэг юм биш шүү дээ. Тэрийг чинь байгуулна, удирдана, зална, чиглүүлнэ засна, янзална. Өчнөөн юм болно. Яг л гэр бүлтэй адилхан. Гэр бүл гэдэг чинь авгай, нөхөр, хүүхэд гээл явчихдаг юм биш. Манайд бол харин тэгж ойлгоод байна. Суулаа, хүүхэд гарлаа тэгээд гэр бүл болчихно. Тэгж болохгүй шд. Хоол унд, хувцас хунар, гэр орон, аятайхан дулаан байр, амралтанд явах, мэргэжил дээшлүүлэх, хөгжим тоглож сурах гээд энэ бүгдийгээ төлөвлөж байж гэр бүл гэдэг чинь явна биз дээ. Дээр нь асуудлаа ярилцах, зовлонгоо хуваалцах гэх мэт зүйл байна. Тэгж байтал авгай, нөхөр хоёрын нэг нь өвчин тусна. Тэрийгээ яаж зохицуулах вэ гэх мэт. Гэр бүл гэдэг чинь зөвхөн аз жаргалтай байхгүй. Зовлон зүдгүүртэй тулгарна. Түүнтэй л адилхан нийгэм гэдэг зөвхөн эвтэй найртай, аз жаргалтай зүйл биш. Тэр чигээрээ асуудал юм. Нэг нь баяжих гэж давхина, нэг нь нөгөөгөө хуурч мэхэлнэ. Нэг нь нөгөөгөө ядууруулна. Залилж зээл авахуулна, өрөнд оруулна. Өрнөөс гарч чадахаа болино. Хүний нийгэм чинь аймаар зүйл шүү дээ. Одоо бол Монголын нийгэм мөнгөн дээр л тогтож байна л даа. Юун тэр монгол соёл, ухаан, ухамсар бүгдийг нь мартсан. Бүгд мөнгөн дээр тогтож байна. Тэгэхээр ийм мөнгөн дээр тогтсон нийгэм, хүмүүсийн амьдралыг, монгол хүнийг шинээр тодорхойлж онолын түвшинд асуудлаа гаргаж ирэх хэрэгтэй. Түүнээс биш юун эрх чөлөө, мөнгөгүй хүнд ямар эрх ярьдаг юм. Юун нөгөө тэгш эрх, цөөхөн хүмүүс нь баяжаад мөнгөө аваад явчихсан. Ер нь Монголын бүх мөнгө одоо гадаадад л байгаа юм бишүү.
Мөнгө нь гадаадад, энд харин өр л үлджээ гэж үү?
Тэгнэ шд. Авгай чинь хамаг мөнгөө аваад явчихвал чи өртэй л үлдэнэ биз дээ. Тэгээд нэг өдөр чамайг байрнаасаа гар гэх вий. Тийм л зүйл рүү Монгол улс явж байна. Зүгээр өртэй суугаад байвал бас яахав болно оо. Гэтэл өр гэдэг чинь хүнийг зүгээр суулгадаггүй юм. Хялалзана, хатгана, “Гар, зайл, яв” гэнэ шүү дээ.
Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Та ямар Ерөнхийлөгчтой болохыг хүсэж байна?
Ямар ч байсан одоогийн Ерөнхийлөгч болох хүн Ардын намаас л сонгогдох нь зөв. Түрүүчийн сонгуульд би Ардчилсан намын Ц.Элбэгдоржийг дэмжсэн. Яагаад гэвэл тэр үед Ардчилсан нам засаг барьж байсан. Ерөнхий сайд нь Ардчилсан намын хүн байсан. Тийм учраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёулаа нэг намынх байх хэрэгтэй гээд байгаа юм. Тэгж байж ажил явна. Дээр нь хариуцлага тооцоход амар. Хоёр намынх байвал хоёулаа хэрэлдээд улс орон яадаг билээ дээ, урагшаа явахгүй түгжирчихнэ.
Яаралтай картын бараанд шилжих хэрэгтэй
Олон Улсын Валютын сангийн айхтар хатуу шаардлага бүхий хөтөлбөр манайд хэрэгжих гэж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
Ер нь бид чинь маш их өрөнд орчихсон байгаа юм билээ. Өрнөөс гарах л ажил хийх нь байна гэж ойлгосон. Банк, санхүү эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанууд өрнөөс гарахад л чиглэгдэх бололтой. Тэгээд бид ОУВС-ийн нэг агентлагийн гарт орох нь. Нэг агентлаг л биднийг удирдана, загнана, зодно. Бөөн юм болно. Бүх л бүтэн улс орон, ард түмнээрээ ОУВС-ийн нэг агентлагт шилжчихээр эрх чөлөө, тусгаар тогтнол яриад ч хэрэггүй.
Тэгвэл юу ярих вэ?
Яг наад асуултыг чинь тавих хэрэгтэй. Одоо бид юу ярих вэ, юу хийх вэ гээд. Миний бодлоор бид яаралтай картын бараанд шилжих хэрэгтэй гэж бодож байна. Хүмүүст хэрэггүй цалин ч юмуу, төгрөг өгч байхаар хэрэгтэй юмыг нь өгье. Төгрөг шиг ядарсан мөнгө дэлхий дээр алга. Хамгийн хурдан үнэгүй болдог хоёр л дэвсгэрт байна гээд байгаа. Нэг нь монгол төгрөг, нөгөө нь Африкийн ямар улсын ч билээ мөнгөн дэвсгэрт байна лээ. Тэгэхээр энэ асуудлыг хурдан шийдье. Бас бид хамгийн их худалдаа хийдэг Хятад улсын юань, Оросын рубль хоёртой төгрөгийн ханшаа уях хэрэгтэй. Социализмын үед шилжих рубль гэж байлаа. Доллараас хамаарахгүй болоод л байдаг байсан. Шилжих юань-рубль-төгрөг гэсэн харьцаа үүсгэх нь зөв. Би хэрвээ Сангийн сайд байсан бол үүнийг л хийх байлаа. Уг нь бид гайгүй өлсөж зовохгүй яваад болоод байдаг ард түмэн. Хэдэн малтай юм болохоор тэгж байхгүй юу. Гэтэл төгрөг л биднийг алаад байна шд.
ФИЛОСОФИЙН АКАДЕМИ БАЙГУУЛААЧ ГЭСЭН ХҮСЭЛТ ИРЖ БАЙНА
Таны ойрын үеийн төлөвлөгөө юу байна?
Энэ жил тэгш эрхийн талаар ном бичих бодол байна.
Ямар ч байсан энэ жилийн цуврал лекц дууслаа. Одоо хэсэгтээ номон дээрээ ажиллана. Ноднин би “Эрх чөлөө-Эрхэм үг” гэж ном гаргасан. Тэр номонд эрх чөлөө гэж юу вэ гэдгийг янз бүрийн эрх чөлөө байдгийг гаргаж өгсөн. Нийгмийн эрх чөлөө, гэр бүлийн эрх чөлөө. Хүүгийн эрх чөлөө, Ааваасаа салах эрх чөлөө. Гэр бүлийн хүмүүс ч эрх чөлөөтэй байх ёстой. Хүний авгай болчихлоо гээд өмч нь болсон гэсэн үг биш. Энэ жил тэгш эрхийн талаар бичих бодол байна. Эрх чөлөөгөө цааш нь нарийвчлан задална гэсэн үг л дээ.
Лекцийн хувьд есдүгээр сараас дараагийн 25 цуврал эхэлж магадгүй. Гэхдээ арай өөрөөр сургалт маягаар явуулаач гэж хүмүүс санал хэлж байна. Ганцаараа явуулж байгаа үйл ажиллагаа жаахан өргөжүүлнэ гэвэл заавал нэг ажилтан авах хэрэг гарна. Ажилтан авна гэвэл албан өрөөтэй болох шаардлагатай. Ингээд цаашаа толгойноос давсан юм болчих гээд байгаа юм. Уул нь бол лекцээ уншаад, номоо бичээд явах нь надад амар байна. Гэхдээ сургалт, семинар болгож өргөжүүлэх нь бас зөв. Дээр нь намайг Философийн академи ч юм уу байгуулаач гэсэн хүсэлт ирж байна. Одоохондоо шийдвэр гаргаагүй л байна.
Та өөрийгөө Философич гэж тодорхойлдог. Их сургууль харин Философич биш философийн багш нарыг л төрүүлдэг. Ер нь философичийг хэрхэн төрүүлэх вэ?
Улс орон болгон философичтой. Тэр нь нийгмээ гярхай ажиглаад шүүмжлээд, соён гэгээрүүлээд явдаг. Жишээ нь би бол Грек маягийн философич хүн. Азийн философичид сүүл рүүгээ шашны хүмүүс болчихдог талтай. Будда бол философи хийх гэж явсан хүн шүү дээ. Сүүлдээ нөгөөх нь шашин болчихсон болохоос. Күнз байна, бас философи хийх зорилготой явсан. Мөн л сүүлдээ Күнзийн шашин ч гэмээр болоод явчихсан. Ер нь философич болъё гээд шууд л шүдний эмч болж байгаа юм шиг болох боломжгүй. Тухайн хүнд авъяас байх хэрэгтэй. Юм бичдэг хүн байж гэмээн философич болно. Дээр нь хүнийг сонирхдог хүн байх хэрэгтэй. Тийм биш хүнд философи сургах маш хэцүү. Заачихвал философи сурчихна гэсэн баталгаа бас үгүй. Ерөөсөө тэр хүн өөрөө философич болох ёстой юм.
Философийг худалдаж авчрах боломжгүй. Гаднаас хүн авчраад философи заалгах бас л боломжгүй.
Та инженер мэргэжилтэй. Тэр чиглэлээрээ Шинжлэх Ухааны академид ажиллаж байсан. Яагаад философи судлах болсон бэ?
Нийгэмд филсофи нь илүү хэрэгтэй байсан. Инженерүүд бол олон зуугаараа байсан. Би чинь инженер, зохион бүтээгч хүн. Гэхдээ юм зохион бүтээх шаардлага байхгүй. Техникийг мөнгөөр худалдаж аваад ажиллуулчихна. Тэгээд тэрийгээ Монел гэж нэрлээд зарчихна. Харин философийг худалдаж авчрах боломжгүй. Гаднаас хүн авчраад философи заалгах бас л боломжгүй. Тийм учраас философич байх нь нийгэмд маш хэрэгтэй байсан.
2012 онд та экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай нийлж МАХН-ыг байгуулж, удалгүй намаас гарсан. Тэр үед та үнэхээр улстөрч болохоор шийдсэн байсан уу?
Тэр үед үнэхээр би улс төрийг хийе гэж бодсон. Н.Энхбаярт бас би их итгэсэн. Олон жил Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийчихсэн туршлагатай хүнтэй улс төрийн онол мэддэг, над шиг хүн хамтарч ажиллах нь зөв гэж үзэж байлаа. Өөрөөр хэлбэл мэдлэг, туршлага хоёр нийлвэл ард түмэнд хэрэгтэй гэж бодсон. Харамсалтай нь намын даргад өрсөлдөж, циркэд хурал болоход намынхан шинэ хүн сонгох дургүй байсан. Тэд Н.Энхбаярыгаа илүү гэж үзсэн. Тэгээд л би Монголын улс төр шинэ хүн хүлээж авахад бэлэн биш байна гэдгийг ойлгосон. Одоо энэ намуудыг хар л даа. Шинэ үе, шинэ улс төр гаргаж ирэх боломжгүй хаалттай байна шүү дээ. АН-ыг хар, залуус хаана байна. МАН-ыг хар бас л адилхан. Гэхдээ яахав МАН-д хуучин Социализмын үеийн бүтэц яваад байдаг учраас чадварлаг шинэ хүн гарч ирэх боломж АН-ыг бодвол арай илүү. АН-д бол ерөөсөө анхнаас нь 10 хүн л байсан. Тэр 10 хүн л байраа солиод яваад байдаг.
Таны нийтлэлүүдийг уншиж байхад Социализмыг дэмждэг нь илэрхий харагддаг. Бас Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг юм байна гэж ойлгосон?
Манайд Ерөнхийлөгчийн засаглал тохирно. Нэг хүний дарангуйлал гээд л муу, муухайг нь дурсаад байдаг юм. Нэг хүн дарангуйлна гэж юу байдаг юм. Тэр хүнийг чинь тойроод улс төрийн бүтэц байгаа шүү дээ. Улс төрийн бүтэц нь аваад явдаг байхгүй юу. Гол нь шийдлийг нэг хүнд төвлөрүүлэхээр амар болдог. Манайх бол одоо шийдэл хариуцлага хаана байгаа нь мэдэгдэхгүй Парламентийн засаглал ч биш, Ерөнхийлөгчийн засаглал ч биш яваад байна. Хэн нь хэнийхээ дээр байгаа нь бас ойлгомжгүй. Чи бодоод үз, Англи яагаад Хатан хаантай яваа юм. Хамгийн сүүлд Хатан хаан тушаал гаргаснаар улсын Ерөнхий сайдыг томилдог. Парламентаас Ерөнхий сайдын нэрийг өргөн барьдаг ч Хатан хаан “Үгүй” гэвэл үгүй л байх болно. Үүнийг мартаж болохгүй.
Хэрвээ тийм биш бол би ном бичиж яах юм. Лекц ч уншихгүй. Ер нь гэрээсээ ч гарахгүй.
Та олон юмыг шүүмжилдэг. Харин таны сэтгэлд нийцдэг зүйл юу байна?
Сэтгэлд нийцдэг зүйл гэвэл хүмүүс лекцэнд ирж байна. Хүмүүс ном авч, уншиж байна. Тиймээс би ном бичиж байна. Ажиллаж болж байна. Энэ бол миний хувьд том амжилт. Жил бүр 25 лекц уншаад, дөрвөн жилд нийт 100 лекцийн ард гарсан байна. Энэ 100 цуврал лекцээс гадна мэдээж олон газар очиж, уулзалт лекц хийсэн. Миний лекцэнд суусан хүмүүс баярлаж байна, талархаж байна. “Эрх чөлөө-Эрхэм үг” номыг маань маш олон хүн уншиж, бодлоо хуваалцан мэйл бичиж байна. Үүнд би өөдрөг байгаа. Хэрвээ тийм биш бол би ном бичиж яах юм. Лекц ч уншихгүй. Ер нь гэрээсээ ч гарахгүй. Өөдрөг байгаа учраас би зогсоо зайгүй ажиллаж байна. Уржигдар би ШУТИС дээр “Хөөрхөн зүрх” гээд хандивын үйл ажиллагаанд очиж лекц уншсан. Нийгэмд философич хүн хэрэгтэй гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байна. Ирэх пүрэв гарагт би Анагаахын оюутнуудад лекц уншина. Компаниудад уншихаар зохих төлбөртэй уншдаг.
Зарим хүн шиг лекц нэрийн доор залуу насаа ярьдаг хүн би биш.
Тэгэхээр шүүмжлэл бол миний философичийн хувьд хийх ёстой ажил минь юм. Мэдээж шүүмжлэхийн хажуугаар энэ олон лекц уншиж соён гэгээрүүлэх ажил хийж явна.
Гол нь би ямар ч цалин авахгүй мөртлөө лекц уншаад, ном бичээд явж байна. Энэ амар ажил биш. Хүнд лекц уншина гэдэг чинь наад зах нь нэг өдөр бэлдэнэ. Бусад ажлаа хойш тавина. Тэгэхгүй бол лекц босож ирэхгүй. Түүнээс биш зарим хүн шиг лекц нэрийн доор залуу насаа ярьдаг хүн би биш. Манайхан бол лекц гээд л өөрийгөө л яриад байдаг. Би багадаа ингэж байлаа ч гэх шиг. Авгайтайгаа тэгж танилцаж байлаа ч гэнэ үү. Гадаадад явж байгаад яаж хөглөсөнөө яриад л. Америкт мундаг хүнтэй уулзаж гар барьж явлаа ч гэх шиг тийм л юм ярьж байна. Гэтэл улс орны амьдрал, шийдэл, сонголт ярих хүн алга. Худлаа л Монголд хайртай гээд байдаг. Зарим нь бүр Монголд хайртай гэдгээ интернетээр л илэрхийлдэг болж.
Ингэхэд та интернетийг яаж хэрэглэдэг вэ?
Би зөвхөн мэдлэгт л зориулдаг. Бас би гар утас хэрэглэдэггүй болохоор хүмүүстэй харилцах, мэйл бичихэд хэрэглэдэг. Утас бол барьдаггүй. Уулзъя гэсэн хүнтэйгээ мэйл бичээд л уулзчихна. Эсвэл олоод уулзчихна шд. Улаанбаатар шиг жижигхэн газар ер нь утас битгий хэл интернетийн ч хэрэг байхгүй. Өөрөө явж очоод л хаалгыг нь тогшино. Жишээ нь надад онгоцны билет хэрэг боллоо гэхэд хотын төвөөр дүүрэн Air market байна шд. Бээжин юм уу, Москва шиг олон сая хүнтэй хотод бол интернетээр захиалахгүй бол болохгүй. Тэр чинь хотын нөгөө захад байгаа юм чинь. Манайд бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд, бүх банк, бүх их сургууль, бүх зочид буудал нь Сүхбаатарын талбайгаа тойроод байна шүү дээ (инээв).
Бид нэлээд удаан ярилцлаа. Магадгүй миний асуулгүй орхисон зүйл байж магад. Танд бас ярих зүйл үлдсэн байх вий?
Өөр юу ярих вэ. Асуулт дуусаад бидний ярилцлага дуусаж байгаа юм биш, цаг хязгаартай байгаад л гол асуудал байна. Философидоход ер нь асуудал цаг л байдаг. Асуулт мэдээж дуусахгүй. Юу ч асууж болно. Цаг л бидний хязгаар. Бүх юмны үнэлэмж, хил хязгаар, хэмжээ бол цаг хугацаа. Өөр юу ч биш.
2014 он