Монгол хүмүүний үнэ цэнэ. № 2: Шинэ үеийн сэхээтэн үүсэх боломж бий юу?

Oct 03, 2023


Нэгдүгээр сар 26, 2016 

Монгол хүмүүний үнэ цэнэ буюу үнэлэмж гэсэн ойлголт өөрөө маш их ээдрээтэй түүхтэй. Энэ ойлголт түүхийн турш хоорондоо эв түнжингүй овог аймаг болон талцаж хэрүүл маргаантай хардал сэрдэлтэй явсан Монголчуудад нэг их чухал байсангүй. Хүнийг хүндэтгэхээс илүү хулгай дээрэм хүч хэрэглэж амьдарч ирсэн төрийн тухай ямар ч ойлголтгүй ард түмэн Түвдийн шарын шашинд мухар сүсэгтэж бүр ч үнэ цэнэгүй болцгоосон. Хоёр хөршүүд л 20-р зууны дундуур Монгол хүнийг үнэ цэнэтэй болгож хүний зэрэгтэй явах Улаанбаатар хоттой болгож байж л сая нэг Монгол хүн байр сууцанд орж эмчлүүлэх эмнэлэгтэй халаах дулааны станцтай болцгоосон.

Мэдээж үнэ цэнэ гэхээр өөрийн эх орондоо хир үнэтэй байх анхны ойлголтоос эхлэх ёстой. Түүний дараа Монгол хүн гадаад орнуудад хир их үнэтэй үнэлэгдэх бол гэсэн дараагийн асуулт гарч ирнэ. Түүний цаана гадаад орнуудад байрладаг элчин сайдын яамууд Монгол хүнийгээ хир их хайрлан хамгаалж гадаад оронд үнэтэй байлгадаг бол гэсэн дараа дараагийн асуултууд гинжин хэлхээс мэт үргэлжлэх жишээтэй. Монгол хүнийг 40-өөс 80-аад онуудад мэргэжил мэдлэгтэй болгож өгсөн Хятад болон Оросын ард түмэн одоо цааш Монголчууд өөрсдийгөө аваад явж чадах болов уу гэсэн харин бүр юу юуны туханд хүрэлгүй социализмын муухай юм гээд хүн төрөлхтөний үлгэр жишээ болсон бүтээн байгуулалтаа устгаад олон намууд болж дахиад л талцаж үзэн ядалцаж тархай бутархай орон болсон. Түүх давтагдана гэж л энэ дээ.

Өнөөдөр сэхээтэний давхрага байхгүй. Тэгэхээр дундаж давхрага байхгүй. Нэг талд баян чинээлэг ажилгүйчүүд нөгөө талд чадваргүй сонгогч нэртэй ажилгүйчүүд. Энэ хоёрыг тэнцвэржүүлэх сэхээтэний давхрага байхгүй тул нийгмийн хэвийн амьдрал явагдах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл сэхээтэний давхрага л ажлын байр бүтээнэ шүү дээ.

Улстөрчид сэхээтэн биш. Төрийн сайд сэхээтэн биш. Сэхээтэн хүн үүсэн бий болох боломж тун бага. Яагаад гэвэл сэхээтэн бүтээх сэхээтэн байхгүй. Гадаадад сэхээтэн болсон болов уу гэхээр Англи хэлнээс цаашгүй.

Сэхээтэн хүний онцлог гэвэл цаг үеэ гярхай нүдээр ажиглаж үнэлэлт дүгнэлт өгч хатуу ширүүн шүүмжилж ямар ч найр тавихгүй шууд хэлж засаж залруулах арга замыг хэлж зөвлөх үүрэгтэй. Тэр ч бүү хэл зарим хэцүү цаг үед сэхээтэнүүд зөвхөн бичиж хэлж ярих биш үйл ажиллагаа хийж хөдөлгөөн өрнүүлж зөв зүйтэй сайн сайханы төлөө тэмцэхэд ч бэлэн байдаг. Энэ тухай түүхийн олон номноос сэхээтэнүүдийн улс орны хувь заяанд гүйцэтгэсэн чухал үйл ажиллагаануудын тухай унших боломжтой. Сэхээтэнүүдийн биш хар маасын сэтгэлийн хөдөлгөөн дээр тулгуурласан нийгэмд байр суурьгүй хүмүүсийн бүлэглэлүүд хэдийгээр жагсаал зохион байгуулж энд тэнд хоосон хашгирч уран илтгэл тавьж маас руу нөлөөлөх чадвартай хэдий ч тун удалгүй чадахгүй гэдэг танигдаж явцгүй болдог.

90-ээд онд гарч ирсэн залуус энд тэнд сайн илтгэл тавьдаг байсан хэдий ч яг суугаад улс орны ирээдүйг төсөөлж цаашид тохиолдох эрсдэл хөгжилийн хандлага ярилцах гэхээр бүгд жагсаал цуглаан хийнэ гээд сарнин алга болдог байсан түүхийг одоо ч тэр үеийнхэн хуучилсаар л. Улстөрийн хөгшүүд ч бас олигтой зөвлөж ярилцахын оронд залуучуудтай нийлэн хөөрч олз омог хуваалцсан.

Арабын хавар эхлэхдээ нэгэнт сэхээтэнүүд дээр биш сахилгагүй үймүүлэх дуртай ирээдүйн олигтой төлөвлөгөө алсын хараа байхгүй хүмүүс дээр тулгуурласан. Ялангуяа гар утсаар ажиллаж мэдээ тараахдаа сайн залуучууд гэнэн томоогүй үйл ажиллагаа явуулж гадаадынханы мунхруулга дээр хууртаж хоосон ардчилал ярьж хурдан гарч ирсэн шигээ хурдан чимээгүй болцгоосон. Одоо Арабын ертөнц дайн дажинтай зөвхөн гадны хүчээр л хөл дээрээ зогсон алдаж байх шив.

Сири оронд дайн болсоны улмаас Герман болон Европын орнууд руу ирэх Сирийн ард түмэн багасах биш ихэссээр. Олон сая хүн дүрвэж эхэллээ гэсэн мэдээнүүд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүдээр цацагдаж тэднийг зурагтаар хараад зарим хүмүүс хөөрхий ч гэх шиг. Олон мянган бээрийн цаана байгаа хүмүүсийг өрөвдөж суухаар ойрхон байгаа тусламж дэмжлэг хэрэгтэй Монгол хүнээ өрөвдвөл дээр бус уу. Гадаадын хүн өрөвддөг дотоодын хүн өрөвдөхгүй юу.

Ямар ч л гэсэн Германы нэгэн профессор цагаачид болон дүрвэгчид гэсэн хоёр ухагдахууныг ялгаж ойлгох хэрэгтэй гэжээ. Өнөөдөр хэн цагаачид яагаад гадаад руу цагаачилдаг түүний цаана хэн дүрвэгсэд яагаад дүрвэдэг тухай тодорхойлолт өгсөөр. Сэхээтэн хүн ийм л байх ёстой. Хэзээ ч сэтгэлийн хөдөлгөөн гаргаж нэг бол нэг их тусч хүн болж оруулаад ир хөөрхий цагаачид гэх биш яагаад тэдний нутагт хүн цагаачилж явахаар нөхцөл байдал үүсэв хэн буруутай вэ гэж асууж чаддаг байх хэрэгтэй. Монголчууд 90-ээд онд бүтээн босголтоо нурааж ажилгүй болсоны дараа эх орноо орхин явах шаардлага гарсан. Тэр үед улстөрч эрхэм хөгшчүүд гудамжаар явах машинуудын давхилдахыг хараад Монгол орон хөгжчихлөө гэж үнэхээр тэнэг үг хэлж байсан шүү. Хүн ард гадагшаа дүрвээд хэмхэрхий төмөр зөөж дотогшоо оруулж ирж байгааг хөгжил гэнээ.

Цагаачид гэхээр эх орондоо дайн дажинтай ямар ч амьдрах боломжгүй болсон хүмүүс гэж тодорхойлжээ. Албан ёсны цагаач болж чадвал тухайн очсон Европын оронд хүний зэрэгтэй үнэлэгдэж байртай хоолтой хүний бүхий л хэрэгцээгээр хангагдах ёстой гэнэ. Дүрвэгсэд гэхээр эх орноосоо дүрвэн явсан хүмүүс. Тэднийг шууд хуулийн дагуу нэрлэх нэрлэгээ байхгүй тул ялангуяа Герман орон энэ хүмүүсийг яахыгаа мэдэхгүй их л будилж буй нөхцөл байдал хэвлэл мэдээлэлээр цацагдсаар.

Түрүүнд хэлсэн Германы профессор Хайнссон гэж нэртэй бөгөөд энэ хүн жинхэнэ сэхээтэн хүн ажээ. Тэр яагаад сэхээтэн бэ гэхээр улс орныхоо байдлыг шүүмжтэй нүдээр хараад маш гярхайгаар хэнээс ч айж эмээхгүй ийм дүгнэлтэнд хүрчээ. Нийтдээ өнгөрсөн жил 1 сая гаруй дүрвэгсэд ирлээ. Эхний үед Германы канцлер Ангела Меркэл ядарсан орнуудын ард түмнийг эх орондоо ямар ч хяналт шалгалтгүй оруулсанаар баатар эмэгтэй болон олон улсад магтаал авсан боловч тун удалгүй дөнгөж болоод өнгөрсөн шинэ жилийн баярын дараа эх орондоо нэр хүндгүй болж эхэллээ.

Энэ шинэ жилийн баярын шөнө ялангуяа Коэлн хотын гудамжинд ид баярлаж дуу шуугиан ихтэй байх үед дүрвэгсэд гэж нэрлэгдэж буй гадны залуус далимдуулан олон Герман эмэгтэйчүүдийг хүчиндсэн мэдээ түгэн тарсан. Эхний үед зуу гаруй эмэгтэйчүүд цагдаагийн газар мэдэгдэж ихэнх эмэгтэйчүүд ичсэндээ чимээгүй байсан боловч сүүлдээ улс орныхоо ирээдүйг бодож мянга гаруй эмэгтэйчүүд ямар нэг байдлаар хүчиндүүлсэн тухайгаа мэдүүлэг өгчээ.

Өнөөдөр Герман орон ямар асуудалтай тулгарсан бэ гэхээр гаднаас ажиллах хүч болон үр хүүхэд төрүүлэх олон сая хүн хэрэгтэй. Гэтэл өөрийн орны залуучууд гадаад орон луу дүрвэн явах аюултай тулгараад байна. Ялангуяа эмэгтэйчүүдийг хүчиндүүлсэний дараа Герман орон хуучин шигээ соёлтой тансаг орчин үеийн орон байхаа нэгэнт өнгөрч буй тул Германы үндэстэнийг бүрдүүлэх залуу үе эх орноо орхин гадаад орнууд руу явах илүү их шаардлага сонирхолтой болцгоожээ. Ингэж үндэстэний хямралд ороод байна.

Одоогоор Африкийн орнуудаас нийтдээ 370 сая харин Арабын орнуудаас 85 сая хүн нутгаа орхин Европын зүг явах хүсэлтэй гэсэн тоо баримт гарчээ. Тэгэхээр энэ хүмүүс хэзээ нэгэн цагт 500 сая хүн амтай Европын орнуудаар дүүрнэ гэсэн үг шүү дээ. Герман орон харин нэгэнт 50% аас дээш тэтгэвэрт гарсан хөгшчүүдийн орон тул гаднаас ирэх залуучуудыг авах их дуртай байгаа гэнэ. Ингэж ажиллах шинэ хүчтэй болж ирээдүйн тэтгэвэрт гарах хүмүүсийгээ тэжээлгэнэ гэсэн гаргалгаа. Дүрвэгсэд нэртэй ирж байгаа хүмүүсийн ихэнх 15-35 насны эрчүүд байна гэсэн ойролцоо тоо гарчээ.

Германы профессор Хайнссоны хажуугаар бас яагаад Герман орон Сири оронд ингэж их зэр зэвсэг нийлүүлж дайныг зогсоох биш харин өдөөгөөд байна вэ гэсэн асуулт гарч байна. Сири орон луу Германы зэр зэвсэг очдог түүний оронд Сири залуучууд дайнаас зугатаагаад Герман оронд ирлээ гэсэн сонин солилцоо байх жишээтэй.

Энд ярих өөр нэг асуудал бол Германы элчингээс виз авахад ямар хэцүү билээ гэтэл хэдэн мянгаараа зүгээр л Германы хилийн шугамаар алхаад орж ирж байгааг яагаад канцлер Ангела Меркэл тоохгүй өдөөгөөд байна гэсэн Германы ард түмний эх орон газар нутгаа хамгаалах гэсэн байгууллагууд дуугаа чангатгаж эхэллээ.

Германы хилийн шугамаар яаж ингэж олон мянган хүн нэгэн өдөр олноороо бүр явган яваад орж ирж буйг судалсан нэгэн ингэж хэлжээ. Зөвхөн Сирийн ард түмэн биш бас хамтран ирж буй Африкийн ард түмнүүдэд хаанахын гэдэг мэдэгдэхгүй байгууллага газрын зураг тарааж хаагуур явахад ойрхон мөн Герман хилийн ямар шугамуудаар асуудалгүй нэвтрэн орох зөвлөлгөө гарын авлагууд тараажээ. Түүнээс гадна Европ руу мянга мянгаараа ирж буй дүрвэгсэд нэртэй хүмүүст гар утас тараасан байхыг тогтоожээ.

Ямар ч оронд гар утас авахад тийм ч амаргүй гэтэл хэн гэж мөнгө ихтэй том байгууллага ийм олон мянган гар утас бүр нэгжтэй хамт үнэгүй тарааж вэ гэдгийг одоо хүртэл асуусаар л. Энэ бүгдийн цаана Европыг сулруулж хэзээ ч дахин сэргэшгүй болгох ямар зорилготой байгууллага ийм үйл ажиллагаа хийгээд байна вэ гэж асууж шалгасаар л. Нээлттэй нийгэм нэрээр улс орнуудыг сулруулдаг Соросыг энэ бүгдийн цаана байгаа болов уу гэж дүгнэж байх жишээтэй. Гар утас барисан энэ хүмүүс хоорондоо болон нутаг руугаа болон очих оронлуугаа чөлөөтэй ярих боломжтой байсан гэнэ. Үүнийг ажиглагчид орчин үед хамгийн чухал зэр зэвсэг бол гар утас болжээ гэсэн.

Нэгэнт Герман орон суларч дүрвэгсэдээр дүүрч эдийн засгийн асуудалд орох тул өнөөдөрийн Герман удахгүй сулхан орон болж одоогийн Бразил орны хэмжээнд л эдийн засагтай болох болов уу гэж таамаглаж профессор Хайнссон хэлжээ. Герман орныг хэн ингэж сулруулах зорилготой айхтар их хөрөнгө зарцуулж буйг янз бүрийн байгууллагууд тайлбар хийж байгаа ч хэтэрхий туйлшруулахгүйн тулд зориуд бичсэнгүй.

Герман профессорын анхааруулсанаар Европын чадалтай мэдлэгтэй мэргэжилтэй өндөр бэлтгэгдсэн залуус эх орноо орхин Австрали, Канад болон Шинэ Зеланд орнууд руу явж эхэллээ гэжээ. Тиймээс энэ Европын сулралаас Австрали болон Канад хоёр хожигчоор гарч ирж буй бололтой. Нэгэнт Европ унавал Америк оронд бүр ч ашигтайгаар эргэж доллар хүчтэй хэвээр харин Евро муудах төлөвтэй.

Монгол оронд ч гэсэн энэ Европын залуучуудаас олноороо ирж бидэнд тус болж ялангуяа сургуулиудад хичээл зааж боловсролын системд тус болж эхлэвэл нэгэнт боловсролын систем уналтанд орсон одоо үед их л хэрэгтэй санагдана. Ялангуяа их сургуулиудыг намуудаас томилогдсон хүмүүс ректор нэрийн дор тарааж бутаргаж Гандан сүм хийдтэй хамт хурал хийлгэж завхруулахын оронд Германы чадалтай хүмүүс ирж их сургуулиудын ректор болцгоовол хичнээн их Монголын залуу үед хэрэгтэй гэдгийг энд хэлэх илүүднэ бизээ.

Германы сэхээтэн профессор Хайнссоныг харахад Монголд ганц ширхэг ийм сэхээтэн профессор хаанаас олох билээ л гэж шүүрс алдаж суулаа. Шинэ үеийн сэхээтэнийг бэлтгэхгүй бол нэгэнт сэхээтэнгүй болсон Улаанбаатар хот яана даа л гэж бодож суух. Аливаа орны сэхээтэн хүн алсыг харж тухайн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж түүнийгээ зоригтой хэлж шүүмжилж чаддаг байна шүү дээ.

Нөгөө сэхээтэн соён гэгээрүүлэгч гэж нэрлээд байсан Монгол хүмүүс зөвхөн хэлээр оролдож үг үсэг бичих дүрмээр хөөцөлдсөөр цол шагнал авсан хэдий ч Монгол хэл чадваргүй хэвээр үлджээ. Тэдний хэрэг гарсангүй. Хуучин сэхээтэн нэртэнгүүд түүхэн роман бичиж хаа ч юу ч хийж бүтээгээгүй худлаа хаадуудын хуурамч намтар бичсээр байгаад тархи толгой хөгжихгүй хоцрогдолд орж дуусжээ. Тэдний үйлийн гай үргэлжилсээр л.

Өнөөдөр ч гэсэн худлаа хаадын намтар худлаа хатан ухаан худлаа хаан ухаан гэх мэтээс хурдан салцгааж боловсролтой болох ажил хөдөлмөрийн цаг үе цаашлаад эрдэмд суралцаж сахилга бат дэг журам үнэтэй болох цагийг ойртуулах хэрэгтэй болжээ. Улаанбаатар хот өнгөрсөн 20 гаруй жилийн дотор яагаад ийм хүн ёсны доройтолд оров гэдгийг хэн ч тайлбарласангүй

Ерөөсөө улстөрийн намууд иймэрхүү доод түвшинд байгаа цагт сэхээтэн үүсэх нөхцөл бүрдэхэд бэрхшээлтэй. Тэд ч бас сэхээтэнд боломж олгох зорилгогүй. Хамгийн инээдэмтэй юу вэ гэхээр улстөрчид мэргэжил боловсролгүйгээрээ гайхуулж угаасаа ийм гэдгээрээ баярхах жишээтэй.

Германы профессор Хайнссоны ярилцлага Швейцарийн “NZZ am Sonntag” сонинд 2015 оны 8 сарын 30 нд хэвлэгджээ.

Molorerdene






ярилцлага, нийтлэлүүд

© Molor-Erdene 2025