Монгол хүмүүний үнэ цэнэ. № 7: Ардчилалын хямрал хүн ёсны хямрал болж хүн чанаргүй нийгэм үүсжээ

Oct 03, 2023


3 сар 1, 2016 

Өнөөдөр хүн бүр хямрал ярина. Юуны хямрал вэ? Энэ бол ардчилалын хямрал. Яагаад ардчилал хямралд оров гэвэл Монголчууд хүн ёсны хямралд оржээ. Ардчилал нэртэй нийгэмд явагдсан үйл явдал явсаар байгаад Монголчуудыг хүн чанаргүй нийгэмд авчирлаа.

Ардчилалын хямрал руу аваачиж өнөөдөр хямралыг улам даамжруулж буй хүмүүс бол нөгөө л цол шагнал албан тушаал одон медалаар дүүрсэн хүмүүс шүү дээ. Тэд нийгмийн өмнө биш ард явдаг тул хөгжил дэвшил орчин үеийг устгасан ээж аав нэртэй нийгмийн түвшинөөс доогуур хүмүүс байжээ.

Монголчууд ердөө л 1940-1990 оны хооронд нийгэм гэдэгтэй танилцаж анх удаагаа бичиг үсэгтэй болцгоож анх удаагаа гэрийн бүрээстэй болж анх удаагаа яндан зуухтай болцгоосон. 1940-1990 оны үед л даавуу гэж зүйлтэй танилцаж Монголчууд даавуутай орон дотор унтаж анх удаагаа гал тогооны өрөөтэй бас унталгын өрөөтэй болж үзсэн. Даавуу гэдэг Хятад үг шүү дээ.

Ардчилалын хямралыг эхлүүлж түүнийг улам даамжруулж буй хүмүүс гэвэл 100 эрхэмээс авахуулаад уул уурхайн боосууд, мухар сүсэгтэнүүдээс авахуулаад улстөрийн наман амьдралтай хүмүүс. Цаашилбал их сургуулиудын профессоруудаас авахуулаад урлагийн гавьяатууд. Энэ хүмүүс цагаан сар наадмаар нийгмийг оюуны доод түвшинд аваачдаг хүмүүс дээ.

Хүн ёсны хямралыг улам давруулж Монголчуудыг хүн чанаргүй болгож яваа нийгмийн түвшин доогуур хүмүүс өнөөдөр нийгмийн хамгийн чухал шийдвэрлэх үг хэлдэг хүмүүс болцгоожээ. Тэд цалин орлого өндөр зурагтаар хамгийн их гарч бас сонин сэтгүүлд бараг өдөр бүр гарах жишээтэй. Нийгмийн энэ өндөр цол хэргэм гуншинтай дээдэс гэж нэрлүүлсэн энэ хүмүүс ард түмнээ өөрсдийн хэмжээндээ доод түвшинд ортол ухуулж бараг л диваажинд амьдарч буй мэт магтан дуулагчид.

Ардчилалын хямралын гол эзэд бүх шагнал цол одон медал бүгдийг авчихсан. Заримыг бүр давхардуулаад авчихсан. Тэдний тэтгэвэр дээд хэмжээнд батлагдчихсан одоо юу хийхээ мэдэхгүй хийх ажлаа олж ядан намтар бичих эсвэл шүлэг бичих эсвэл түүх нэртэй зохиол бичих бүр болохгүй бол дуу дуулцгаана. Тэд нутгийн зөвлөл ярина, овог болж талцана. Хөдөө ухуулгаар явна. Хотод магшинаар хэсүүчлэн давхина.

Ардчилалын хямралын эзэд нийгмийн бүх сэдвийг эзэлж нийгмийг эрх чөлөөтэй ярих бүх боломжийг хаасан. Энэ нийгмийн доод түвшинийхэн дургүйгээ хүрвэл утаанаас зугатааж гадаад орон луу тэнүүчлэн. Тэд хэзээ ч Монголчуудын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй.

Ардчилалын хямралын эзэд Хятад торгон дээлээр гангарах дуртай. Хятадын торго байхгүй бол Монголчуудад дээл гэж байхгүй гэдгийг ухаарахгүй.

Улаанбаатарын утааг ямар ч улстөрч ярихгүй. Улаанбатарын утааг мөнгөтэй боосууд ярихгүй. Улаанбаатарын утааг ариусуулагч лам нар ярихгүй. Энэ хүмүүс бүгд нийгмийн доод түвшинд очсон нийгмийг хэзээ ч дээш хөгжүүлэхийг үл зорино. Харин тэд идэж уусанаа гайхуулахдаа хамгийн түрүүнд зурагтаар ярьж хамгийн эхэнд сэтгүүл дээр гарцгаана. Гарахдаа бүр үр хүүхэд машин тэрэгтэйгээ бараг л нохойтойгоо гарцгаана.

Ямар ч нийгэм аз жаргалтай нийгэм болох ёстой. Үүний тулд Монголчууд нэг бүрчилэн аз жаргалтай явцгаах чухал. Мэдээж аз жаргал гэхээр 100 эрхэмтэй адил алт мөнгө албан тушаал ярих биш харин сэтгэл ханамжтай амьдрах шүү дээ. Монголчуудыг хэлэх эрх чөлөөгүй өөрийгөө илэрхийлэх чадваргүй болгох гэж олон жил худлаа ярисан тул олон хүмүүс сонсмоор үгийг хэлдэг бараг л юу сонсохыг хүснэ вэ түүнийг л хэлэхэд бэлэн болцгоожээ. Монголчуудаас аз жаргалтай юу гэж гадаадын байгууллагын аз жаргал судлаачид асуухад бөөн бөөнөөрөө уралдан аз жаргалтай гэж хариулсан гэдэг.

Өр зээлтэй мөнгө хүүлэгчидэд бариулсан утаагаар дүүрсэн Улаанбаатар хотод бөөн бөөнөөрөө аз жаргалтай гэж хэлнэ гэдэг Хүн ёсны доройтолд орсоны баталгаа. Монгол хүн чанаргүй болжээ.

Ардчилалынхан ардчилалаа хямруулжээ. Ардчилалынхан хүн ёсны хямралыг эхлүүлжээ. Ардчилалынхан Монголчуудыг хүн чанаргүй болгожээ. Бүгдээрээ худлаа ярина. Диплом худлаа. Цол худлаа. Шагнал худлаа. Цагаан сар худлаа. Хэвийн боов худлаа.

Улстөрийн намынханы хүүхэлдэй яруу найрагчид, мэргэжлийн доод түвшиний урлагийнхан нэртэй боловсролгүй хүмүүсийн бүлэг, их сургуулийн гадаад хэл дээр ганц ном уншаагүй профессорууд, ШУА-ийн хуурамч докторууд, Түвд хэлээр нэг өгүүлбэр хэлж чадахгүй ламууд, өр зээл банкийг л эдийн засаг гэж ойлгосон эдийн засагчид, олигархийн түвшинд очсон том толгой лам нар, улстөрийн намуудаас дутахгүй иргэдийг мунхруулагч мухар сүсэгтэнүүд энэ бүгд нийгмээс доод түвшиний хүмүүсийн төлөөлөгчид.

90-ээд онд орчин үеийг бүдүүлгээр зэрлэгээр зогсоож мухар сүсэгтэх, өрөнд унах, зээлэнд барnгдах улстөрийн тоглоом эхэлсэн. 90-ээд оноос хойш мэргэжил устсан тул Монголчууд 21-р зуунтай мэргэжилгүй золгосон. Амьдралын зоилгогүй, амьдралын зохион байгуулалтгүй, амьдралын утга агуулга алдагдаж хэн ч биш болсоноор олон хүн ардчилалын жилүүдэд амиа хорлосон ба архинд орж үхсэн. Олон зуугаараа гадаад орон луу дүрвэсэн. Монголчууд үнэхээр өрөвдөлтэй бас гэнэн явж ирлээ.

Монголчууд нэг нэгэндээ л атаархаж хорсож ирсэн олон зуун жилийн түүхтэй эмгэнэлүүд өнөөдөр үргэлжилсээр. Овог ярина, угсаатан ярина, нутаг ярина хэн ч эх орон ярихгүй хэн ч үндэстэн ярихгүй харин үндэс бол ярина. Юм бүр л үндэсний гэтэл үндэстэний биш.

Монголчуудыг дээлгүй байхад даавуутай болгож өгсөнөө Хятадууд мэднэ. Монголчуудыг бууз хуушуургүй байхад хоолтой болгож өгсөнөө Хятадууд мэднэ. Хятадууд мэдэж байсан. Харин Оросууд ёстой Монголчуудыг ийм гэж төсөөлсөнгүй.

Оросууд Монголчуудыг өвчинөөс салгаж урт насалдаг болгосон. Оросууд Монголчуудыг бичиг үсэггүй хэн ч биш байхад бичиг үсэгт сургаж сургуультай соёлтой хүмүүн болгосон. Гэтэл Оросуудыг доромжилж хөөж гаргасан даа.

Монголчуудыг эсгий гэр дотроо утаан дунд манарч байхад Орос, Хятад хоёр яндан зуухтай болгож дулаацуулж утаанаас салгасан. Одоо дахиад Орос, Хятад хоёр Монголчуудыг утаанаас салгах болждээ. Америк биднийг утаанаас салгаж явсан түүх байхгүй. Европ бидэнд бичиг үсэг сургасан түүх байхгүй. Харин алт авах гэж бол тэд ирж байсаан. Газрын ховор метал авах гэж хүртэл ирэх тун дуртай.

Ардчилалыг хямруулагчид  Хятадаас ч Оросоос ч уучлалт гуйх ёстой. Монголчууд Хүн ёсны өрөнд унажээ. Монголчууд Хүн чанарт хэзээ суралцах вэ?

Molorerdene






ярилцлага, нийтлэлүүд

© Molor-Erdene 2025